Арьсны онцлогтоо тохирсон зөв бүтээгдэхүүнээ сонгох арга

2024-10-10

Гоо сайхны толь болсон нүүр царайгаа сайхан байлгах хамгийн энгийн, эхний алхам бол нүүр цэвэрлэгээндээ анхаарал хандуулах. Таны нүүр цэвэрхэн, зөөлөн, чийглэг байх, батга, үрэвсэлгүй, цаашид ч гаднын элдэв нөлөөнд өртөхгүй, үрчлээтэхгүй байх, эсэх нь арьсандаа тохирсон нүүр цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэж заншихаас шууд хамаарна. Батга, үрэвсэлтэй, үрчлээтэж буй, хуурай, тослог, холимог, эмзэг гэх мэт маш олон төрлийн асуудалтай арьс бүрт тохирсон нүүр цэвэрлэх бүтээгдэхүүнүүд байдаг. Иймээс охид, бүсгүйчүүддээ арьсны ямар ямар төрөл байдаг талаар тайлбарласны дараа арьсаа хэрхэн цэвэрлэх, арчлах дараалал, арьсны онцлог болгонд тохирох цэвэрлэгээ болон арчилгааны бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя.

Ердийн арьс:

Харахад өнгөлөг, нүхжилт багатай, өөрийгөө хамгаалах чадвартай, эрүүл арьс байдаг. Ийм арьсанд ихэнхдээ батга үрэвсэл гардаггүй, цусны эргэлт сайтай.

Хуурай арьс:

Нүх сүв нь үл мэдэгдэм, бараг нүхжилтгүй, угаасны дараа таталддаг, үрчлээс үүсэх хандлагатай, сэвхтэмтгий, батга үрэвсэл ихэнхдээ гардаггүй, гялгар бус бүүдгэрдүү хөрстэй, чийгшил бага хуримтлагддаг учир байнга аргаж таталдах, хогжруутах, эмзэгдүү улайлт өгч хорсох хандлагатай байдаг. Уян хатан чанар дутмаг байдаг тул зөв арчлаагүйн улмаас эрт үрчлээс үүсч хөгшрөх сөрөг талтай.

Тослог арьс:

Энэ арьс нь өөхний булчирхайн идэвхитэй үйл ажиллагааны улмаас тос ихээр ялгаруулж арьсанд тос болон чийгшлийг ихээр хуримтлуулсан байдаг учир, батга гарч үрэвсэх хандлагатай, нүхжилт томорсон, ихэнхдээ зузаан харагддаг.

Холимог арьс:

Ихэвчлэн дух, хамар, эрүүгээрээ тослогтсон, нүхжилттэй, батга гарамтгай. Бусад хэсгээрээ хуурайшсан, эсвэл ердийн хэв шинжтэй.

Эмзэг мэдрэмтгий арьс:

Ерөнхийдөө хуурай арьсны шинж чанартай ба гадны таагүй нөлөөнд амархан цочирч улайлт өгч, загатнах, хорсох, харшлах шинжтэй, арьсны зарим хэсгээр хялгасан судас тэлсэн, үрэвссэн байдаг.

Арьс арчилгааны үе шат

1.Цэвэрлэх

Сүүн шингэн

Цэвэрлэгч хэрэглэхээр л хуурайших гээд байдаг эмзэг, хуурай арьсанд сүүн шингэн тохирно. Учир нь сүүн шингэний зөөлөн бүтэц нь арьсыг тайвшруулахын хажуугаар чийгийг нь огтхон ч гадагшлуулдаггүй. Афродита сүүн шингэн нь найрлагандаа зууннастын охь, календулагийн тос агуулсан тул арьсыг зөөлөн толигор болгож чийгийг хадгална

 Тосон цэвэрлэгч буюу Cleansing oil

Зузаан будалт хийдэг хүмүүст, мөн тоник нэг их хэрэглэдэггүй хүмүүст зориулан тосон цэвэрлэгчийг зохион бүтээжээ. Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүн их хэрэглэдэг бол хамгийн сайн цэвэрлэгээний 4:2:4-ийн зарчмыг сайн тогтоогоод аваарай. Энэ нь гаднаас орж ирээд хамгийн эхэлж дөрвөн минут тосон цэвэрлэгчээр угаагаад, дараа нь хоёр минут хөөсөн цэвэрлэгч хэрэглэж, хамгийн сүүлд дөрвөн минут усаар зайлах хэрэгтэй.

Гелэн цэвэрлэгч буюу Cleansing gel

Усан гелэн цэвэрлэгч нь бүх төрлийн арьсанд тохирдог бөгөөд тэр дундаа 25-аас дээш насныханд таалагдана. Хуурайшуулахгүйгээр чийгшил өгөх давуу талтай.

НЭМЭЛТ ТАЙЛБАР:

Хэрвээ чи тослог болон холимог арьстай бол эхлээд арьсаа шингэн саван юмуу хөөсөн цэвэрлэгчээр угаагаарай Харин ердийн, хуурай, мэдрэмтгий арьстай бол сүүн шингэнээр цэвэрлэнэ

2.Чийгшүүлж сэргээх

Гурван янзаар нэрлэгддэг боловч тоник бүхэн нэг үйлчилгээтэй. Тэр нь нүүр угаасны дараах үлдэгдэл будаг, саванг өөртөө шингээж бүрэн цэвэрлэхийн хажуугаар арьсыг зөөлөн чийглэг болгон тэжээл өгч өдөр, шөнийн тосонд арьсыг бэлтгэн, нүхийг агшаадаг. Мөн арьсны чийгийн түвшинг тэнцвэртэй байлгадаг. Хэдийгээр цэвэрлэгч савангаар нүүрний бохирдлын ихэнх нь арилдаг ч 30 орчим хувь нь арьсны гүнд үлдсэн байдаг.

НЭМЭЛТ ТАЙЛБАР:

Тоникийг бүх төрлийн арьстай хүн хэрэглэж болно. Тэр дундаа тослог, холимог арьстай бүсгүйчүүд заавал хэрэглэх шаардлагатай. Батга гардаг, асуудалтай арьсанд салицилийн хүчил болон спиртийн найрлагатай, хатааж, тослог тэнцвэржүүлдэг тоник тохирно. Харин хуурай, эмзэг арьстай хүмүүст сарнай, өргөст хэмх, лаванда зэрэг органик найрлагатай, чийгшүүлэгчтэй тоник хэрэглээрэй.

3.Чийгшүүлж хамгаалах

Ямар ч арьстай хүн ямар нэг төрлийн чийгшүүлэгч хэрэглэх хэрэгтэй. Учир нь бүх арьс чийгшлээс тодорхой хэмжээний сайн үр нөлөөг хүртдэг. Тослог арьсыг ч зөв чийгшүүлэх юм бол тослогжилт багасдаг давуу талтай. Маш олон төрлийн чийгшүүлэгч байдаг ч тэдний бүгдийнх нь зорилго бол ус, тос, чийгийн тэнцвэрт байдлыг арьсанд олгох юм. 

Чийгшүүлэгч (Gels/ Emulsion/Lotion/Moisturizer/Creams)

Флюд

Арьсыг тэнцвэржүүлэх, чийгшүүлж хамгаалах үйлчилгээтэй бөгөөд ихэвчлэн холимог, тослог арьсанд хэрэглэнэ.

Ийлдэс (Essence/Serum/Ampoule)

Essence, serum хоёрыг хоёуланг нь тодорхой үйлчилгээ бүхий идэвхтэй найрлагын концентрацтай, тунгалагдуу сүүн өнгөтэй, үл ялиг наалдамхай бүтэцтэй шингэн гэж ойлгож болно. “Тодорхой үйлчилгээ бүхий идэвхтэй найрлагын концентрац” гэж дээр онцолсны учир нь ямар ч ийлдэс цайруулах, хөгшрөлтийн эсрэг, чангаруулах гэх мэт арьсны яг нэг асуудал руу ганцаарчлан “онилсон” байдаг юм. Тосноос илүү үнэтэй байдгийн учир нь ийлдэс дэх идэвхтэй молекулын тун нь өндөр, хэмжээ нь жижиг байдаг тул өгөх үр дүн нь илүү байдаг.

НЭМЭЛТ TАЙЛБАР:

Нүүрээ угааж, тоникоор арчсаныхаа дараа чиний арьсныхаа төлөө хийх ёстой 3 дах алхам бол ийлдэс түрхэх юм. Хэрэв чи хуурай арьстай бол тоникоо бүрэн хатахаас нь өмнө ийлдсээ түрхээрэй. Нүүр, хүзүүний арьсыг чинь арчлахад дуслын төдий ийлдэс л нэг удаадаа хэрэгтэй. Гар дээрээ авч бүх хэсгээр тарааж түрхээд 3-5 минут болгож байж дараагийн алхам руу шилжээрэй. Араас нь шууд тос түрхвэл ийлдсийн үйлчилгээ багасдаг. Мөн оройн цагаар түрхвэл илүү үр дүнтэй, учир нь хэт ягаан туяа, хүчилтөрөгч нь ийлддсийг ууршихад нөлөөлдөг байна.

4.Нэмэлт арчилгаа

Гуужуулагч ба Маск /Face scrub & Face mask/:

18 наснаас эхлэн арьсны өнгөн давхрага 21-28 хоногт гуужиж шинэ эд эс төлждөг. Гуужуулагчийг холимог, тослог арьстай бол 7 хоногт 2 удаа, бусад арьсанд 7 хоногт 1 удаа хэрэглэнэ. Нүүрээ цэвэрлэсний дараа чийгтэй арьсан дээрээ гуужуулагчаа дух, хамар, эрүүний хэсэгт түрхээд нүүрний иллэгийн шугамын дагуу 30-40 секунд иллэг хийнэ. Дараа нь усаар угааж авна. Үсэндээ, зовхиндоо, уруулдаа хүргэж болохгүй. Нэг газраа хэт удаан иллэг хийж болохгүй. Оройн цагаар гуужуулагчийг хэрэглэх нь илүү тохиромжтой. Харин нүүрний маск нь арьсыг шаардлагатай амин дэмээр тэжээж өгдөг.

Эх сурвалж: iToim.mn


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах