Биеийн арьс арчилгаа

2024-09-03

 

Хуурайшиж холцруутсан өвдөг тохой, илүүдэл үс бүсгүйчүүлийн гоо сайхныг гутаадаг гэдгийг мэдэх хэрнээ хангалттай цаг хугацаа болон хайр халамжийг биеийн арьсаа баярлуулахад зарцуулж чаддаггүй шүү дээ. Ялангуяа эрс тэс цаг агаараас шалтгаалан бид биеийн арьсаа жилийн ихэнх өдрүүдэд ил гаргадаггүй тул тоохгүй орхих нь элбэг. Багахан хэмжээний анхаарал хандуулахад нүүрний арьснаас хамаагүй дуулгавартай үгэнд орж, яг л нялх хүүхдийнх шиг энхрий булбарай болж хувирдаг биеийн арьсыг арчлах урлагт энэхүү нийтлэлээр хамтдаа суралцъя. 

1. Гуужуулалт 

Гуужуулалт нь арьсан дахь үхэжсэн эд эсийг цэвэрлэх, арьсны өнгөн давхаргыг сэргээх зориулалттай арьс арчилгааны нэгэн төрөл юм. Нүүрний арьсыг химийн(chemical), физикийн (physical) гэх хоёр төрлийн аргаар гуужуулдагтай адил биеийн арьсыг ч энэ төрлийн аргуудаар гуужуулдаг. Порлон, зөөлөн алчуур, хуурай брашинг буюу сойз зэрэг нь физикийн буюу гар аргаар арьсаа гуужуулах хамгийн түгээмэл аргууд. Эдгээр аргуудаас сүүлийн жилүүдэд хуурай брашинг ашиглан биеийн арьс гуужуулах арга трэнд болж буй.

2. Илүүдэл үс

Хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан бид хүссэн үедээ гоо сайхны салоноор үйлчлүүлж, илүүдэл үснээсээ хагацах боломжгүй болсон нь тун харамсалтай. Энэ цаг үед ихэнх бүсгүйчүүл маань гэртээ гар доорх вакс болон татуургатай дотно найзалж буй биз ээ. Хэрвээ чи татуурга ашиглан илүүдэл үснээсээ хагацдаг бол одооноос шүршүүрт орохоосоо өмнө биш дараа нь үсээ хусаж хэвшээрэй. Учир нь гэвэл бүлээн ус арьсыг зөөлрүүлж улмаар үсийг зөөллөн, үсний сувгуудыг нээж арьсыг тайвшруулдаг шидтэй. Мөн үсээ шууд хусахаасаа өмнө зориулалтын хөөс гел түрхэх нь татуургыг арьсан дээгүүр зөөлөн гулгаж, шарх сорви үлдээхгүй байхад, мөн үсийг бүр угаас нь хусахад тусалдаг. Крем, хөөс түрхсэнээсээ хойш 3-4 минутын дараа илүүдэл үсээ хусаж эхлээрэй. Энэ хугацаанд үс чинь авагдахад бүрэн бэлэн болсон байна.

3. Чийгшүүлэлт, хамгаалалт 

Бидний дархлааны системийн дөрөвний нэгийг арьсны эсүүд маань бүрдүүлдэг гэдгийг та мэдэх үү? Нарны хэт ягаан туяа, орчны бохирдол болоод нян, вирус зэргээс хамгаалах супер хүч бидний арьсанд бий. Харамсалтай нь цаг хугацаа урсан өнгөрөх тусам эдгээр эсүүдийн хүч буурч улмаар арьс руу довтлох хортой бодисууд арьсны эсүүдийг гэмтээж эхэлдэг. Нүүрний арьсны тухайд бид өдөр тутамдаа нарны тос, идэвхтэй найрлагууд хэрэглэж хангалттай сайн хамгаалж чаддаг хэдий ч биеийн арьсандаа төдий хэмжээний хайр халамж хүртээж чаддаггүй шүү дээ. Нүүрний арьстай адил чийгшүүлэх, тэжээл өгөх бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх нь биеийн арьсаа хамгаалах шалгарсан аргуудын нэг.

Арьсны давхаргууд удаан хугацааны турш чийггүй байх нь арьс цагаасаа эрт хөгшрөх, суларч унжих гол шалтгаан юм. Тийм ч учраас дараагийн удаа дэлгүүрийн лангуунаас гарт таарсан биеэ тоосон шүүрэн авахаасаа өмнө орц найрлагыг нь анхааралтай уншаарай. Сайн чанарын чийгшүүлэгч тос худалдан авах нь биеийн арьсандаа зориулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.

Эх сурвалж: Монос

 


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах